Э.БЭХБАЯР ДАН КОЛОВТ ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН 10 ДАХЬ БӨХ

Дан Коловын нэрэмжит ОУТ өчигдөр Болгарын Русе хотын “Bulstrad Sport Hall” ордонд эхэлсэн. 55 дахь удаагийн тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 59, 71, 80, 98, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97, эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан болсон юм. Эрэгтэйчүүдийн 57 кг-д 23 бөх барилдсанаас ДАШТ-йи хүрэл медальт, Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай констракшн"ХХК, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр урамтай сайхан барилдаж, алтан медаль хүртэн Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр эхний даваанд 2013 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Ираны Хейролла Гахраманиг, 1/4-гийн шигшээд Италийн Гиви Давидовиг, хагас шигшээд Испанийн Леван Метревелиг тус бүр 10:0-ээр буюу онооны илт давуугаар цэвэр ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд Дан Коловт өмнө нь нэг үзүүрлэж, дөрвөн удаа хүрэл медаль хүртэж байсан Румыний хашир туршлагатай бөх Андрей Дубовыг 9:4-өөр буулган авсан юм. Бэхээ шигшээ барилдаанд эхлээд бүхэл дөрвөн оноо алдсан ч цаг дуустал ажилласаар дараалан есөн оноо авч, ялалтыг өөрийн болгосон. Нийт дөрвөн барилдаанд техникийн 39 оноо авч, дөрвөн оноо алдсан үзүүлэлттэй байна. Тэрбээр Дан Коловт түрүүлсэн Монголын арав дахь бөх боллоо. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар З.Ойдов 1971, Х.Баянмөнх 1974, ардын багш Д.Сэрээтэр 1968, гавьяат тамирчин Ц.Нацагдорж 1976, А.Энхээ 1988, О.Пүрэвбаатар 1998, Б.Наранбаатар 2002, Ц.Энхжаргал 2010, О.Бурмаа 2012, 2014 онд тус тус аваргалж байв. Сонирхуулахад, Э.Бэхбаяр багшийнхаа (А.Энхээ) Дан Коловт түрүүлсэн амжилтыг давтсан нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал боллоо.