БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНААС БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАГ, ТАМИРЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Анх удаа "Тастүлек" бөхийн дэвжээний санаачлагаар зохион байгуулагдсан Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, Монгол улсын харцага Однайн Бахытын нэрэмжит өсвөрийн Баруун бүсийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаан 2 өдөр аймгийн Спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Тус бүсийн аварга шалгаруулах өсвөрийн Үндэсний бөхийн барилдаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан зэрэг баруун бүсийн аймгуудын 9-17 насны 210 гаруй өсвөрийн бөхчүүд хүч үзсэн бөгөөд багийн нийлбэр дүнгээр Нэгдүгээр байр: Баян-Өлгий аймгийн "Тастүлек" дэвжээний бөхчүүд; Хоёрдугаар байр: Увс аймгийн өсвөрийн бөхчүүд; Гуравдугаар байр: Ховд аймгийн өсвөрийн бөхчүүд; Дөрөвдүгээр байр: Завхан аймгийн өсвөрийн бөхчүүд; Тавдугаар байр: Говь-Алтай аймгийн өсвөрийн бөхчүүд тус тус шалгарлаа.Шагналт байранд шалгарсан өсвөрийн бөхчүүдийн шагналыг аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хавыл, Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Улсын харцага О.Бахыт, "Тастүлек" бөхийн дэвжээний тэргүүн аймгийн начин С.Бахыт нар гардуулав.