ЦУВРАЛ УУЛЗАЛТ #4 - Монгол улсын шатрын Арван ес дэх аварга Жамбалдоогийн ЛХАГВА

ОУШ, ДШХ-ны Мастер Ж.Лхагва өөрийн шатрын спортод орсон түүх, дурсамжуудаасаа хуваалцан, зочидын сонирхсон асуултанд хариулж, өсвөрийн шатарчдад зөвлөгөө өгч, зэрэг тоглолт хийнэ.ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  • Монголын шатрын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдэж үлдэх хүний нэг бол яах аргагүй Жамбалдоогийн Лхагва юм. Тэрээр Дундговь аймгийн Баянжаргалан сумын Зоогийн ус гэдэг газар 1944 оны намар төржээ.
  • Бага наснаас шатар даамыг сонирхон оролдсоор 1957 онд Чойр өртөөний аварга болж амжилтын замналаа эхэлжээ. Монгол улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд анх удаа оролцохдоо Өмнөговь аймгийн бүсээс шалгаран оролцсон. Түүнээс хойш нийт хамгийн олон буюу 25 удаа оролцохдоо 335 өрөг тоглож, 160-д нь хожсон нь манай улсын шатарчдын дээд амжилт юм. Мөн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд хорь буюу түүнээс дээш удаа оролцсон анхны шатарч, хамгийн олон хүрэл медаль хүртсэн (6), 22 удаа тавин хувиас дээш амжилт үзүүлсэн гээд түүний тогтоосон дээд амжилтуудыг тоочоод баршгүй. Дэлхийн шатрын олимпиадад долоон удаа оролцсон.
  • 1963 онд МБАТ-ий II спартикиадад түрүүлэн дэд мастер, 1970 онд спортын мастер, 1988 онд дэлхийн шатрын холбооны мастер цолыг тус тус хүртсэн бөгөөд 1972 онд улсын шүүгч, 1990 онд олон улсын шүүгч болжээ.
  • 1976 онд ЗХУ-ын Москва хотын Биеийн тамирын дээд сургуулийг шатрын багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөж, 1976-1991 онд МБТСЭ-ийн Төв зөвлөл, БТСУХ-нд дасгалжуулагч, ахлах мэргэжилтэн, 1978-2000 онд Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар, 2000-2005 онд БТСҮТ-д мэргэжилтэн, өдгөө Монголын шатрын холбоонд хяналтын зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг хийж байна.
  • Тэрээр шатраас гадна даам шаггүй тоглодог бөгөөд 1983 онд зуун буудалт даамын дэлхийн хошой аварга их мастер В.Шегёлов манай оронд уригдан ирж 54 даамчинтай зэрэг тоглолт хийхэд ганцаараа хожиж байсан нь үүний нэг илрэл. Мөн манай улсад шинэ тутам хөгжиж буй Го даамын улсын хоёр удаагийн аварга болсон.
  • Ж.Лхагваа нь ясны шатарчин төдийгүй сайн дасгалжуулагч билээ. Тэр Б.Анхчимэг, Д.Янжиндулам зэрэг улсын аварга шатарчдыг бэлтгэн гаргасан. 2000 онд “Морины нүүдэл” клубыг үүсгэн байгуулсан. Хойч үеийн залуу шатарчдадаа зориулан орчуулгын ном арваадыг гаргасан нь шатарчин бүхний ширээний ном болжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Алтангадас одон, МҮОХ-ы Алтан Од медаль болон ойн медалиудаар шагнажээ.

Эх сурвалж: http://garid.hiimori.mn/ep4