“СПОРТ БА ХӨГЖИЛ” УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

Undefined

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөн 2018.10.18-нд Төрийн ордны их танхимд болно. Уг зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулна.“Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөн нь Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын  талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгөх, “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”, Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль ба бусад хууль, эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан боловсронгуй болгох талаарх арга зам, шийдэл, чиглэлийг тодорхойлж, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх цогц асуудлыг хэлэлцэнэ.  Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2017 оны 07-р сарын 06-ны өдөр батлагдаж 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Шинэ хуулийн ерөнхий зорилго нь биеийн тамир, спортыг бие даасан салбар болгон хөгжүүлж, улс орны хөгжил ялангуяа хувь хүний хөгжил, эрүүл Монгол хүн, эвтэй хүчтэй Монгол улсыг цогцлоохын төлөө сайн засаглалыг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Монгол улсын 15-64 насны иргэдийн 2 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдол бүхий эрсдэлт бүлэгт байгаа нь нийтийн биеийн тамирын чиглэлд эрс шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байгааг харуулж байна. Үүний тулд нийтийн биеийн тамирт хамааруулсан хуучны цөөн спортын төрлийг шинэчилж, шинэ тутам хөгжиж буй хамгийн олон хүнийг идэвхитэй хамруулах спортын төрлүүдийг илүү хөгжүүлж “Нийтийн биеийн тамир” гэдэг ойлголтыг халж дэлхийн чиг хандлагын дагуу “Олон нийтийн спорт” болгон хөгжүүлэх боломж шинэ хуулиар бүрдээд байна.Мөн спорт холбоодын тухай бүтэн  зүйл болон бие даасан заалтууд орсон нь спорт холбоод байгууллага /институт/ болон төлөвшихөд ихээхэн дэмжлэг болно. Тодруулбал “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”-ийг байгуулж салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх тууштай бодлого боловсруулан, Үндэсний шигшээ багуудыг тухайн спортын мэргэжлийн холбоодын шууд харьяанд байгуулж, хяналт, үнэлгээг дээрх төв хариуцах хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.“Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөн биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага, бодлогын хэрэгжилтийн талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Зөвлөгөөнөөр

  • “Биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага”
  • “Биеийн тамир, спортын салбарын бодлогын хэрэгжилт”
  • “Биеийн тамир, спортын төрийн ба төрийн бус байгууллагын сайн засаглалыг хөгжүүлэх нь”
  • “Биеийн тамир, спортын шинжлэх ухааны хөгжил ба зорилт”
  • “Чанартай бие бялдрын бололвсрол”
  • “Хөтөлбөр-2020” зэрэг сэдвийг хэлэлцэнэ.

Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, МҮОХ, МПХ, спортын холбоод, цэрэг, тусгай хүчний биеийн тамир, спортын байгууллагууд, их, дээд сургууль, спортын дунд сургууль болон бусад байгууллагын  удирдлага, ажилтан, албан хаагч, багш дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болох 500 гаруй төлөөлөгч оролцоно.Энэ жил Монгол улс Олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ой тохиож буй. 1968 оны Мехикогийн 19-р олимпийн наадмаас Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль, Чимэдбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэртээтэр, Төмөрийн Артаг нар хүрэл медаль хүртэж Монгол Улс анхны олимпийн медальтнуудтай болсон түүхэн үйл явдлыг тэмдэглэж, Олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлнэ.   Б.Онон