“МӨСӨН ӨРГӨӨ” ОРДНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Mongolian

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад албаныхан өвлийн спорынхны мөрөөдөл, Мөрөөдөл биелэх “Мөсөн өргөө” ордон ажиллалаа. Энэхүү ордон нь манай улсад анх удаа баригдаж буй жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой өвлийн спортын битүү ордон юм. 2019 оны 4-р сард шав тавих ёслол болсон. Нийтдээ 105 метр урт, 65 метр өргөн, 7897м2 талбайтай.

Барилгын суурь болон хийцийн 121 багана, холбоос  дам нурууд 425 тонн арматур зангидаж, 3500м3 бетон зуурмаг цутгалт хийгдсэн.

Автомашины зогсоолыг 2 эгнээгээр оруулж 3 эгнээгээр гаргах зохион байгуулалттай. Эрчим хүчний энгийн үеийн хэрэглээнийхээ 70%-ийг нарны эрчим хүчээр хангахаар тооцоолсон. Сэргээгдэх эрчим хүч ашигладаг анхны спортын байгууламж болно. Мөсөн ордны хамгийн чухал нь инженерийн сүлжээний шийдэл.  Мөсөн талбай орчимд -5 хэмийн хүйтэн байхад дээд хэсэгтээ буюу үзэгчийн суудал орчимд +15 хэмийн дулаан байх шаардлагатай. Чийгтэй агаарыг сорж холиод халуун агаараар үлээх технологиор хийгдэж буй. Энэ ажлыг Австрийн компаниар гүйцэтгүүлж байна.

“Мөсөн өргөөг” энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. 28 гүйцэтгэгч компанийн 340 ажилтан  ажиллаж байгаа юм.   Тухайлбал “Мөсөн өргөө” спортын ордны бүтээн байгуулалтанд гар бие оролцож буй хамгийн ахмад ажилтан “Улаанбаатар барилга” ХХК-ийн зөвлөх, ахмад инженер 73 настай Д.Лхагвасүрэн. Тэрээр өнгөрсөн жил ердөө 3 хоног л амарсан гэж “Мөсөн өргөө” ордны гүйцэтгэх захирал Н.Батмөнх  онцолсон. Түүнтэй адил ар гэрээ умартан “Мөсөн өргөө” ордны бүтээн байгуулалтанд оролцож буй хүн бүрт Монгол Улсын Ерөнхий сайд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн.