ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДАРГА Ц.ШАРАВЖАМЦ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ.

Mongolian

Эрхэм хүндэт биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан, алба хаагч, үе үеийн удирдлага, ахмадууд, тамирчин, дасгалжуулагч та бүхэнд Монголын “Тамирчдын өдөр”, “Олон улсын олимпийн өдөр”-ийн мэндийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэе.Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, ард түмнийхээ итгэл сэтгэл, цог хийморийг тээн, зон олныхоо бахархлыг бадраадаг “Монголын тамирчдын өдөр”-ийг тэмдэглэж эхэлснээс хойш ес дэх жилтэйгээ золгож байна. Төдийгөөс өдий хүртлэх хугацаанд тамирчид маань эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсган, ард түмнийхээ итгэлийг амжилтаар хариулсаар ирсэн. 2018 оны эхний хагас жилийн байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид ДАШТ, Дэлхийн цом, Их дуулга, гран при болон олон улсын тэмцээнээс 27 алт, 21 мөнгө, 49 хүрэл, нийт 97 медаль хүртээд байна. Цаашид эдгээр амжилтаа баталж, “Токио-2020” зуны олимпийн XXXII, паралимпийн XVI наадамд өмнөх наадмын амжилтуудаа ахиулах зорилт тавин “ТОКИО-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монгол улсын баг, тамирчдын бэлтгэлийг Япон улсад хангуулах талаар хамтран ажиллах чиглэлийн хүрээнд тус улсын Нийгата, Ибараки, Аомори, Фукуока, Осака болон Нагасаки мужид чөлөөт бөх, жүдо, бокс, пара хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчдын олимпийн өмнөх бэлтгэлийг хангуулах тухай санамж бичгийг Шизүока мужийн Шимапа, Яйзү, Изүнокүни хоттой байгууллаа. ​Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Ингэснээр Монгол улсын биеийн тамир, спортын салбарыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, биеийн тамир, спортын салбарын ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах, тэмцээн уралдаан, наадмын тогтолцоог боловсронгуй болгох, спортын төрийн бус байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн биеийн тамир, спорт, идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэх аюулгүй орчинг бүрдүүлэх зэрэг ажлууд нийгэм эдийн засгийн өөрчлөлт, эрэлт хэрэгцээнд нийцэх нөхцөл бүрдлээ. Монгол улс даяар “Биеийн тамир, спортын салбарын статистикийн анхдугаар үзлэг тооллого”-ыг амжилттай хэрэгжүүлж 21 аймаг, есөн дүүрэг, 77 спортын холбоонд тооллогын үр дүнг танилцуулах, мэдээлэх ажлыг хийж гүйцэтгэв. ​Төр засгаас биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлд олон чухал ажлыг хэрэгжүүлж буйгаас Монгол улсад зохиогдох спортын 11 төрлийн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Түүнчлэн Үндэсний спортыг хөгжүүлэх, өв соёлыг өвлөн уламжлуулах зорилгоор Монголын үндэсний спортын VI их наадмыг өвлийн болон зуны спортын 14 төрөлд зохион байгуулж байна. ​Салбарын нийтийн биеийн тамирын арга зүйчдийг мэргэшүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгулах зорилтын хүрээнд 2018 онд “Биеийн тамир спортын тогтвортой хөгжил, бие бялдарын боловсрол” сэдэвт улсын зөвлөгөөнийг таван бүсэд хоёр сарын хугацаанд зохион байгуулж, нийслэл, аймаг, дүүргийн Биеийн тамир, спорт хорооны нийт 500 орчим багш дасгалжуулгч, мэргэжилтэн, арга зүйчид зөвлөгөө, сургалт өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү сургалт, зөвлөгөөнөөс гарсан үр дүнг нэгтгэн еслүгээр сард зохион байгуулагдах нэгдсэн зөвлөгөөнд тусгана. ​Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийн хүрээнд “Хүн амын бие бялдарын түвшин тогтоох сорил”-д хамрагдсан иргэдийн тоог 9.4% байсныг 15%-д хүргэж иргэд цахимаар үнэлгээгээ харах боломжийг бүрдүүлэн, сорилын программыг шинэчиллээ. Үндэсний шигшээ багийн үйл ажиллагаанд допингийн эсрэг болон спортын анагаах ухааны хөндлөнгийн хяналт тавих чиглэлийн хүрээнд Юнескогийн допингийн сангаас допингийн мэргэжилтэн бэлтгэх, допингийн эсрэг байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүллээ. Үүний үр дүнд үндэсний хэмжээнд допингийн хяналтын ажилтан 30, үр дүнгийн менежментийн ажилтан тав, эмчилгээний зорилгоор зөвшөөрөл өгөх мэргэжилтэн тавыг тус тус бэлтгэлээ. Мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм, стандартыг англи хэлнээс монгол хэл рүү орчуулан, албан хэрэгцээнд тараахад бэлэн болоод байна. Ийнхүү богино хугацаанд амжилттай хийж хэрэгжүүлж, ихээр төлөвлөсөн арвин их ажилттайгаар “Монголын тамирчдын өдөр”-өө угтаж буйдаа баяртай байна. Монголынхоо тамирчин , дасгалжуулагчидад хоёр жилийн дараа Токио хотод болох зуны олимп, паралимпийн наадамд амжилттай бэлтгэж, илүү их амжилт үзүүлэн Төрийнхөө алтан соёмбот далбааг олонтаа мандуулах ерөөл өргөе. Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөдөг үе үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг чин сэтгэлээсээ дэмжиж, тусладаг аж ахуй нэгж байгууллагийн удирдлага, хувь хүмүүс, ард түмэндээ спортын салбарын нийт ажилтан, алба хаагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хамгийн сайхан бүхний дээдийг хүсье. МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ХИЙМОРЬ, ЦОГ ЗОЛБОО, АМЖИЛТ ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ БАЙГ.  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга, Монгол Улсын Гавъяат тамирчин Ц.Шаравжамц