ЧӨЛӨӨТ БӨХ: СПОРТЫН МАСТЕР Ц.ЧИНЗОРИГ МОНГОЛ УЛСЫН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Бөхийн чөлөөт барилдааны 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн   Орхон аймгийн “Хангарьд палас”-т энэ сарын 12-14 өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Энэ жилийн тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд шилдэгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн Монгол улсын аваргад Дорноговь аймгийн Айраг сумын уугуул “Мэргэд хангай” бөхийн клубын тамирчин спортын мастер Цэрмаагийн Чинзориг мөнгөн медаль хүртлээ.

САМБО БӨХ: БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДАСГАЛЖУУЛАГЧ ОУХМ М.СУГАР МОНГОЛ УЛСЫН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын ууган спортын төрлүүдийн нэг анхдагч амжилтын эзэд олноор төрөн гарсан Самбо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 49 дэх удаагийн тэмцээн  өнгөрөгч өдрүүдэд нийслэл хотод зохион байгуулагдлаа. Монголын самбо бөхийн холбооны анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбишийн нэрэмжит болон явагдсан уг тэмцээн ирэх 5-р сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сорилго гэдгээрээ онцлогтой байсан юм.  Энэ жилийн Монгол улсын аваргад 43 байгууллагын 40 гаруй тамирчин оролцосон.

ҮНДСЭН ХУУЛИЙН БАРИЛДААН 2018: АЙМГИЙН НАЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ ТҮРҮҮЛЛЭЭ

 Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүр зохион байгуулдаг Үндсэн хуулийн барилдаан ням гаригт боллоо. Шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн нэрэмжит барилдаанд аймгийн арслан Б.Батзориг, Аймгийн заан М.Бямбадорж тэргүүтэй хүчит 32 бөх зодоглосон. Үүнээс түрүү бөхөөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харъяат аймгийн начин Батсуурийн Бат-Эрдэнэ, Хөвсгөл сумын уугуул аймгийн арслан Батхуягийн Батзориг үзүүрлэлээ. Мөн барилдааны их шөвөгт Дорноговь аймгийн Айраг сумын харъяат аймгийн харцага М.Жаргалсайхан, Сайхандулаан сумын уугуул сумын заан Б.Түвшинтулга нар шалгарлаа.