МОНГОЛ УЛСЫН ЦОЛ ХҮРТЭЭХ, ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

            1.Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх, уламжлах, өргөн мэдүүлэх, түүнийг хүлээн авч судлах, шийдвэрлэх, шагналыг гардуулах, цолны тэмдэг, одон, медаль,  тэдгээрийн үнэмлэхийг нөхөн болон сольж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

            2.Монгол Улсын төрийн шагнал, цэргийн болон дипломат цол,  “Алдарт эх” I, II одон, ойн медальд нэр дэвшүүлэх, өргөн мэдүүлэх нь энэхүү журамд үл хамаарна.

 

Хоёр. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар   шагнахад нэр дэвшүүлэх, уламжлах, өргөн     мэдүүлэх

 

            3.Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнахад төрийн ба төрийн бус бүх байгууллагын болон улс төрийн нам, аж ахуйн нэгжийн анхан, дунд, дээд шатны удирдлага, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэр дэвшүүлэхээр санал гаргаж болно.

 

            4.Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар анхан шатанд дараахь хурлуудаар хэлэлцэж нэр дэвшүүлнэ.

 

            а/материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл, урлаг, шашин, хэвлэл мэдээллийн болон бусад салбаруудад ажиллагсад, орон нутгийн бүх шатны төр, захиргааны байгууллагын ажилтныг ажлын газрынх нь хамт олны (томоохон үйлдвэр, аж ахуйн газрын хувьд цех, тасгийн ажилчдын) хурлаар;

 

            б/бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, засаг даргыг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар;

 

            в/Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам, төрийн бус байгууллагын ажилтнуудыг холбогдох шатны (сум, дүүрэг, аймаг, нийслэлийн г.м.) хамтын удирдлагын байгууллага (тэргүүлэгчид, зөвлөл гэх мэт)-ын хурлаар;

 

            г/энэ зүйлийн а, б, в-д зааснаас бусад иргэдийг баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар.

 

            5.Хурлын ирц шагналд нэр дэвшигчийн харьяалагдаж буй нэгжийн хамт олны 70-аас доошгүй хувь байх шаардлагатай бөгөөд хуралд оролцогсдын 80-аас дээш хувь нь шагналд нэр дэвшүүлэхээр зөвшөөрвал тодорхойлолт гаргаж байгууллагын захиргаанд уламжилна. Байгууллагын захиргаа хамтын удирдлагын хурлаараа хэлэлцэж шийдвэрлэн тодорхойлолт гаргана.

 

            6.Тодорхойлолтод шагналд нэр дэвшигч эрхэлсэн ажилдаа ямар содон санаачилга, бүтээл гаргасан, түүнийг хэрэгжүүлснээр улс, нийгэмд ямар ашиг тус өгснийг баримтаар дурдан тусгаж, эл амжилтанд тохирох цол, одон, медалийн нэр заасан саналаа бичиж, байгууллагын дарга гарын үсэг зурж, тамга дарна.

 

            7.Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар нэр дэвшигчийн анкет, тодорхойлолтыг хурлын албан тэмдэглэл, шийдвэрийн хамт сум, дүүргийн Засаг даргад уламжилна.

 

            8.Сум, дүүргийн Засаг дарга саналаа тухайн шатны ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн, зөвшөөрөгдсөн хүний материалыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжилна.

 

            9.Аймаг, нийслэлийн Засаг дарга бичиг баримтын бүрдэлт, шагнуулах үндэслэл, тодорхойлолтыг хянан үзэж, шагналд уламжлах эсэхийг нарийвчлан шүүж, холбогдох яам, харьяа дээд газар, төрийн бус байгууллага, улс төрийн нам, мэргэжлийн эвсэл, холбоодын орон нутгийн ба төв байгууллагын хамтын удирдлагын  дүгнэлт,  саналыг бичгээр авч хавсарган саналаа аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.

 

            10.Аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан албан тэмдэглэл хөтөлж, зөвшөөрөгдсөн нэр дэвшигчийн асуудлаар тогтоол гаргаж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр гаргана.

 

            Өргөн мэдүүлэх бичигт аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга гарын үсэг зурж, тамга дарна.

            11.Дараах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс болон иргэдийг дор дурдсан албан тушаалтан Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

 

            а/Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас томилогддог бусад албан тушаалтныг Монгол Улсын Их Хурлын дарга; Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг Улсын Их Хурлын Тамгын газрын  Ерөнхий нарийн бичгийн дарга;

 

           б/Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

 

           в/Монгол Улсын Засгийн газраас томилдог албан тушаалтнуудыг Ерөнхий сайд, яам, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

 

           г/ Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг Үндсэн хуулийн цэцийн дарга;

 

           д/Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг төрийн төв байгууллагад ажиллагсдыг холбогдох байгууллагын дарга;

 

           е/Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга;

 

           ж/Улсын Ерөнхий прокурорын орлогч, бүх шатны прокурор, гүйцэтгэх болон техникийн ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхий прокурор;

 

           з/цэргийн албан хаагчдыг Батлан хамгаалахын сайд;

 

           и/Улсын аюулгүй байдлыг хангах газарт ажиллагсдыг тус газрын дарга;

 

           к/цагдаагийн албан хаагчдыг Хууль зүйн сайд;

 

           л/тэтгэвэрт гараад аль нэг байгууллагад ажиллахгүй байгаа ахмадуудыг  аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга;

 

           м/дипломат ажилтан, гадаадын иргэдийг Гадаад харилцааны сайд.

          

12.Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

 

           а/нэр дэвшигчийн анкет (нэгдүгээр хавсралтаар);

 

           б/тодорхойлолт;

 

           в/цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар анхан шатанд хурлаар хэлэлцсэн тухай албан тэмдэглэл;

 

           г/сум, дүүргийн Засаг даргын санал, ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын албан тэмдэглэл, тогтоол;

 

            д/холбогдох дээд байгууллагын дүгнэлт, санал;

 

            е/аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн албан тэмдэглэл, гаргасан тогтоол, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргын гарын үсэг бүхий өргөн мэдүүлэх бичиг.

 

            13.Монгол Улсын Их Хурлын даргаас өргөн мэдүүлсэн албан тушаалтанд бүрдүүлэх баримт бичиг нь Улсын Их Хурлын даргын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет; Тамгын газрын ажилтнуудын хувьд хамт олны хурлын албан тэмдэглэл, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг,  анкет.

 

            14.Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өргөн мэдүүлсэн албан тушаалтны тухайд Тамгын газрын даргын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет; Тамгын газарт ажиллагсдын хувьд тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет, хамт олны хурлын албан тэмдэглэл.

 

            15.Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн хүмүүсийн тухайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн албан тэмдэглэл, тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет; Хэрэг эрхлэх газрын ажилтнуудын хувьд хамт олны хурлын албан тэмдэглэл, тодорхойлолт, өргөн мэдүүслэн бичиг, анкет; гадаадын иргэдийн тухайд Гадаад харилцааны сайдын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет; дипломат ажилтны хувьд хамт олны болон сайдын зөвлөлийн хурлын албан тэмдэглэл, Гадаад харилцааны сайдын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг,  анкет.

                                                                                                              

            16.Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг өргөн мэдүүлэхдээ цэцийн ажил хэргийн зөвлөлгөөнөөр хэлэлцсэн албан тэмдэглэл, Цэцийн даргын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, нэр дэвшигчийн анкет.   

            17.УИХ-д ажлаа тайлагнадаг төрийн төв байгууллагад ажиллагсдын хувьд хамт олны хурлын албан тэмдэглэл, байгууллагын даргын тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, анкет.

           

            18.Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, Батлан хамгаалахын сайд, Улсын аюулгүй байдлыг хангах газрын даргын өргөн мэдүүлсэн хүмүүсийн хувьд анкет, тодорхойлолт, өргөн мэдүүлсэн бичиг, тухайн байгууллагын зөвлөлийн хуралдааны албан тэмдэглэл, холбогдох шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн санал.

 

            Тайлбар: Бүх шатны шүүх, прокурорын төв, орон нутгийн байгууллагад ажиллагсдын тухайд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор өргөн мэдүүлнэ. Эдгээр ажиллагсдын тухайд энэ журмын 12-ын “а”, “б”, “в”-д заасан бичиг баримт, өргөн мэдүүлсэн бичиг болон тухайн байгууллагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн албан тэмдэглэл, холбогдох шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг бичгээр бүрдүүлнэ.

 

            19.Тэтгэвэрт гараад аль нэг байгууллагад ажиллахгүй байгаа ахмадуудын тухайд ажиллаж байсан газар буюу мэргэжлийн харьяа байгууллагын тодорхойлолт, аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын өргөн мэдүүлсэн бичиг, анкет, Монголын ахмадын холбооны гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн хурлын албан тэмдэглэл, санал.

 

            20.Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан ямар нэг албан тушаалтан, иргэнийг шагнахаар нэр дэвшүүлбэл Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцаж тухайн хүнийг судалж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

 

Гурав. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар   шагнах асуудлыг шийдвэрлэх, гардуулах,  мэдээлэх

 

            21. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнахад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргана.

 

            22.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар цол хүртээх,  одон, медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн, холбогдох баримт бичгийн бүрдэлт, агуулгыг судлан, санал боловсруулж, шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.

 

            23.Монгол Улсын цолны тэмдэг, одон, медаль, дагалдах мөнгөний чекийг үнэмлэхийн хамт Ерөнхийлөгч төрийн ордонд болон орон нутагт ёслол төгөлдөр гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга гардуулж болно.

 

            24.Гадаадад суугаа Монгол Улсын болон гадаадын иргэний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар тухайн улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, консул гардуулж болно.

 

            25.Монгол Улсын цолны тэмдэг, одон, медаль гардуулах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, шагнагдагчийн холбогдох салбарын сайд, байгууллагын удирдлага оролцох ба аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга оролцож болно.

 

            26.Монгол Улсын цолны тэмдэг, одон, медалийг гардуулсан тухай албан тэмдэглэл (2 дугаар хавсралтаар) үйлдэж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хадгална. Ерөнхийлөгчийн даалгавраар төрийн дээд шагналыг энэхүү журмын 23, 24 дүгээр зүйлээр эрх олгосон албан тушаалтан гардуулбал албан тэмдэглэлд гарын үсгээ зурж баталгаажуулан 1 сарын дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.

 

            27.Монгол Улсын цол хүртээсэн, одон, медалиар шагнасан, гардуулсан тухай хэвлэл, радио, телевизээр мэдээлнэ.

 

Дөрөв. Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг       нөхөн болон сольж олгох

 

            28.Монгол Улсын цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг ямар нэг шалтгаанаар үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн тохиолдолд шагналын эзэн, түүний нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүд нь зохих үнээр нь нөхөн болон сольж олгож болно.

 

            29.Цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг шагналын эзэн, түүний нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү нөхөн болон сольж авахыг хүсвэл үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн нөхцөл, шалтгааныг тодорхой бичсэн өргөдлөө үнийг банкинд тушаасан баримт, эвдэрч гэмтсэн зүйлийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.

 

            30.Ерөнхийлөгчийн Тамгын газар өргөдлийг хянан үзэж цолны тэмдэг, одон, медаль, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамж гаргаж шийдвэрлэнэ.