“УНИВЕРСИАД-2017” IV ИХ НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 заалт, Засгийн газрын 158 тоот тогтоол, БСШУС-ын сайдын А/155 тушаалаар Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV их наадам спортын 12 төрлөөр амжилттай зохион байгуулагдан явагдаж байна.

            Их наадмын нэгдсэн нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагт Спортын төв ордны “А” зааланд боллоо. Нээлтийн ёслолд наадмын ЗБХ-ны дарга, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Баяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын, Төрийн захиргаа, санхүү хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Монголын их дээд сургуулийн консерциумын тэргүүн, ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох, ЗБХ-ны гишүүд, их, дээд сургуулийн ректор, захирал, багш бусад албаны хүмүүс наадмын нээлтийн ёслолд оролцон баяр хүргэж үг хэллээ.

            Нээлтийн үеэр их наадмын волейболын тэмцээний медальт байранд шалгарсан баг тамирчдын медалийг гардуулан өгөв. Эрэгтэй багуудаас нэгдүгээр байранд С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, хоёрдугаар дугаар байранд Ч.Ням дасгалжуулагчтай ШУТИС, гуравдугаар байранд Ц.Батбаатар дасгалжуулагчтай Их засаг олон улсын их сургууль, эмэгтэй багуудаас нэгдүгээр байранд Ч.Ням дасгалжуулагчтай ШУТИС, хоёрдугаар байранд Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, гуравдугаар байранд Б.Хэрлэн дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид шалгарч, шагналыг Зохион байгуулах хорооны дарга, гишүүд гардуулан өгөв.

Тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол болж шүүгчийг төлөөлж  Гимнастикийн Олон улсын хэмжээний мастер, Олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний дасгалжуулагчийн 2-р зэрэгтэй, Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн ахлах багш, Галбадрахын Ерөөлбат, тамирчинг төлөөлж Модон бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2016 оны тэмцээний мөнгөн медальт, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан, Ганбатын Мягмарсүрэн нар өргөсөн юм.

Үе тэнгийн оюутан залуучуудаа төлөөлөн ХААИС-ийн “Хатан Туул” бүжгийн хамтлаг, Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын дөрвөл, ШУТИС-ийн степ аэробикийн тоглолт зэрэг сайхан тоглолтуудыг өргөн барьжээ.

Их наадам спортын 12 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоогоор чөлөөт бөх, волейбол, цана, жүдогийн төрлийн тэмцээнүүдэд явагдаад байна. Дөрөвдүгээр сард шатрын төрөл Зууны шатар клубд, ширээний теннисний төрөл Оч спорт клубд, гандболын тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд, аэробикийн тэмцээн ШУТИСургуульд, тавдугаар сард модон бөмбөгийн төрөл Монгол шилтгээн дэх Модон бөмбөгийн талбайд, хөнгөн атлетикийн тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдаж “Универсиад-2017” IV их наадмын аваргууд тодорч өндөрлөх юм.