“Дэлхийн тоглолт”-д оролцох тамирчдыг үдэн гаргалаа

Польшийн Вроцлав хотод олимпийн бус төрлийн олимп хэмээн нэрлэгддэг “Дэлхийн тоглолт-2017” их наадам энэ сарын 20-30-нд болно. Арав дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны хүндэтгэлийн танхимд болов. Энэ ёслолд БСШУСЯ-ны сайд Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй салбарын удирдлагууд тус наадмын Монголын багийн тугч Д.Нацагдоржид алтан соёмбот төрийн далбаагаа гардуулж, тэмцээнд оролцох тамирчдад хүндэтгэл үзүүллээ. Тус наадамд сүмо, жиүжицү, аэробик гимнастикийн төрөлд өрсөлдөх Монголын багийн нийт 22 хүний замын зардал, хувцас гээд 60 сая төгрөгийг зардлыг ЗГХА, Биеийн тамир, спортын газраас гаргаж байгаа юм. “Дэлхийн тоглолт”-д 120 гаруй орны 10 мянган гаруй тамирчин спортын 31 төрөлд өрсөлдөх гэж байна. Сонирхуулахад дөрвөн жил тутамд болдог тус наадмын ес дэх удаагийнх нь 2013 онд Колумб улсад болоход манай улс сүмо бөхийн төрөлд нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж байв.