Үндэсний шигшээ багийн тамирчид 2017 онд

Mongolian

Улиран одож буй 2017 он спортынхны хувьд түүхэнд анхдагч болж үлдэх олон, олон амжилт, ялалтаар дүүрэн сайхан жил болж өнгөрч байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар 19 спортын төрөлд шигшээ багийг тогтмол барьж байгаа бөгөөд энэ жил шигшээ багийн тамирчид зөвхөн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, гурван мөнгө, долоон хүрэл нийт 14 медаль хүртжээ. Өмнө нь ДАШТ-ээс найман медаль хүртсэн нь дээд амжилтад тооцогдож байв.
Мөн Залуучуудын ДАШТ-ээс хоёр алт, таван мөнгөн медаль хүртсэн бол Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Мөн Оюутны Универисад наадмаас нэг алт, нэг хүрэл медаль хүртэж, Азийн танхимын наадмаас нэг алт, нэг хүрэл медаль, Азийн АШТ-ээс найман алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн байгаа юм. 
Түүнчлэн Их дуулгаас алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр дөрвийг хүртэж, гранпригаас зургаан алт, таван мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, 2017 оныг үдэж байна. БТСГ-ын Үндэсний шигшээ 2017 онд олон улс, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаан бэлтгэл цугларалт, сургалт дасгалжуулалт, эмнэлэг хяналтын төлөвлөгөөний дагуу тогтмол оролцож, өвөл зуны спортод нийт 358 дасгалжуулагч, тамирчин хамрагдаж байгаа юм. Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын чанартай 66 тэмцээн уралдаанд оролцож, дотоодын 43 бэлтгэл цугларалт, гурван удаагийн хамтарсан бэлтгэлд хамрагдсан бөгөөд 35 алт, 29 мөнгө, 57 хүрэл медаль хүртжээ. 
Тухайлбал, жүдо бөх 12 алт, 12 мөнгө, 27 хүрэл, чөлөөт бөх таван алт, таван мөнгө, 16 хүрэл, хүндийн өргөлт зургаан алт, таван мөнгө, хоёр хүрэл, пара пауэрлифтинг хоёр алт, нэг мөнгө, бокс нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл, таеквондо хоёр мөнгө, гурван хүрэл, хөнгөн атлетик гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл, пара таеквондо дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Иймд Монголын спортынхоны үзүүлсэн дээрх амжилтуудаар Монголын ард түмэн, нийт спорт сонихрогчид ойрын хэдэн жил дурсан яриад ч хуучрахааргүй "бахдам амжилт" болж түүхэнд үлдэх биз ээ.
Энэ онд Монголын спортын салбараас жүдочид түүхэндээ байгаагүй олон медалийг ДАШТ-ээс нэг дор хүртсэн бол М.Анхцэцэг хүндийг өргөлтийн спортын төрөлд эх оролндоо ДАШТ-ий анхны медалийг авчирсан юм. Мөн Б.Ачбадрах цанын "Б" зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл, пара таеквондогийн тамирчин Х.Энхтуяа ДАШТ-ээс алтан медаль (Монголын пара спортын түүхэнд анхны эмэгтэй дэлхийн аварга), 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид Азийн АШТ-д түрүүлсэн амжилт нь анхдагч болж үлдэж байна. Түүнчлэн энэ онд Үндэсний шигшээ багаас С.Батцэцэг, Д.Сумъяа нарыг Хөдөлмөрийн баатар, П.Орхон, Б.Мөнгөнчимэг, Г.Одбаяр, Д.Отгонцэцэг нарыг гавьяат тамирчин хэмээх эрхэм цол шагнал хүртээсэн билээ.