Үндэсний спортын VI наадам 2018 оны 02 дугаар сарын 23 наас эхлэнэ

Mongolian

Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 269 дүгээр тогтоол “Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах тухай”- ыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/424 тоот тушаалаар Үндэсний спортын Их наадмын нэгдсэн зааврыг батлан аймаг, нийслэл, дүүргийн Засаг захиргааны байгууллагууд болон Биеийн тамир, спортын газар /хороо/-т хүргүүлэн ажиллаж байна.

            Үндэсний спортын VI их наадмын удирдлага, зохион байгуулалт нь:

Их наадмын ерөнхий удирдлага, зохион байгуулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/325 тоот тушаалаар батлагдсан Үндэсний спортын VI их наадмын Зохион байгуулах хороо улсын хэмжээнд хангаж ажиллана.

Их наадмын анхан шатны тэмцээнийг  аймаг, дүүргийн Засаг даргын Захирамжаар  томилогдсон орон нутгийн Биеийн тамир, спортын газар, боловсролын болон соёлын асуудал хариуцсан орон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн Үндэсний спортын салбар холбоод, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн орон нутгийн Зохион байгуулах хороо хариуцан зохион байгуулна.

Их наадмын шигшээ тэмцээний зохион байгуулалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.

Үндэсний спортын VI их наадмыг зуны спортын -10, өвлийн спортын- 4 төрлөөр зохион байгуулах бөгөөд Өвлийн спортын төрлийг улсын хэмжээнд олон нийтийн оролцоог хангах зорилгоор нээлттэй хэлбэрээр шууд, зуны спортын төрлүүдийн тэмцээнийг 2 үе шаттай, анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд 2018 оны 6 дугаар сарын 01-30-ны дотор, Их наадмын  хоёрдугаар шат буюу шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах гэсэн хэлбэрээр зохион байгуулна.

Үндэсний спортын VI их наадмын Өвлийн спортын төрөл болох Мөсний шагай, Мөсний сурын харвааны тэмцээнийг 2018 оны 02 дугаар сарын 23-25-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, Тэмээн Поло, Хурдан тэмээний уралдааныг 2018 оны 03 дугаар сарын 05 - 08-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдах байсан боловч Малын шүлхий өвчинтэй холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл түр хойшлогдоод байна.

 Зуны спортын төрөл Үндэсний бөх, Хурдан морины уралдаан, Үндэсний сур, Буриад сур, Урианхай сур, Уламжлалт сурын харваа, Шагайн харваа, Ширээний шагай, Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт, Жороо морины уралдаан гэсэн Үндэсний спортын 10 төрлөөр 2018 оны 08 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоо худаг”-т зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

 “Үндэсний спортын VI их наадам”-ын хүрээнд “Нүүдэлчин” фестивалийн зохион байгуулалтыг Их наадмын Зохион байгуулах хороо удирдлага, арга зүйгээр хангаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулалтыг хариуцаж ажиллана.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар “Үндэсний спортын VI их наадам”-ыг өөрийн орны Үндэсний спортын холбоодын саналыг үндэслэл болгон сурын төрлүүдийг олшруулан, тэдгээрийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж түнш, хамтран ажилладаг байгууллагуудыг идэвхжүүлэн, үйл ажиллагааг өргөжүүлэх уламжлалт Үндэсний спортын төрлүүдийг сонирхогч гадаад, дотоодын иргэдэд сурталчлах, гадаад орны жуулчдын сонирхлыг татан өргөнөөр хамруулан оролцуулах, өөрийн орны хүүхэд, залуучууд, иргэдэд үндэсний спортын уламжлалт зан заншил, өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор Үндэсний Спортын холбоодтой хамтран зохион байгуулан ажиллах болно.

Их наадамд оролцох баг, тамирчдын мэдүүлгийг тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газарт албан бичгээр хүргүүлэх ба www.sport.gov.mn цахим хаягаар бүртгүүлсэн байна.

Өвлийн спортын төрлийн тэмцээний Техникийн зөвлөгөөнийг тухайн тэмцээний өмнөх өдрийн 11:00 цагт тэмцээн тус бүрийн Спортын холбоодын зааварт заасан газарт зохион байгуулна.

Их наадмын шигшээ тэмцээнд оролцох баг тамирчид нь мэдүүлгээ, анхан шатанд оролцсон тухай тэмцээний тайлангийн хамт тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө буюу 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газарт болон тухайн спортын холбоонд албан бичгээр хүргүүлж,  www.sport.gov.mn цахим хаягаар бүртгүүлсэн байх ба Хурдан морины уралдаанд орон нутгаас оролцох уяачид Монголын Морин Спорт Уяачдын холбоонд бүртгүүлсэн байна.

Аймаг, дүүргийн анхан шатны тэмцээнийг Зохион байгуулах хорооноос ирүүлсэн мэдүүлэг, анхан шатны тэмцээний тайланг үндэслэн мандатыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт Хүй долоон худагт байрлах Үндэсний спортын VI их наадмын Зохион байгуулах хорооны штабт олгоно.