ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсээс Биеийн тамир, спортын тухай хууль, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, “Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ. Нийтлэг шаардлага” MNS 5538:2005, ЗГХА-Биеийн тамир, спортын газрын Даргын 2017 оны А/80 тоот тушаал, сорил авах “Сарын аян”-ы хүрээнд Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо Спортын төв ордонд зохион явууллаа. 

Хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дархан-Уул, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий  зэрэг аймгуудын Биеийн тамир, спортын газрууд, Хан-Уул, Баянзүрх зэрэг дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороод, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Биеийн тамир спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 87 бүрэн дунд сургууль зэрэг 12 байгууллагын 10 илтгэгчид оролцлоо.

 

Илтгэгчид нь төв, орон нутагт иргэдээс авч буй бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тодорхойлох сорилын норматив, шалгуур үзүүлэлт, аргачлал арга зүй, хэрэгжилтэд гарч буй эерэг, сөрөг үр дагавар, тулгамдаж буй асуудлуудыг судлан тодорхойлж, цаашид шийдвэрлэх гарц, арга зам, үр дүнг тооцон үнэлгээ, дүгнэлт өгч асуудал дэвшүүлэн хэлэлцүүлэхэд биеийн тамир, спортын салбарын эрдэмтдийн төлөөлөл 6 шалгуур үзүүлэлтээр шүүж шалгаруулалтыг явууллаа. Нэгдсэн дүнгээр:

Тэргүүн байрт: ҮБТДСургуулийн Биеийн тамирын эмчилгээний арга зүйн тэнхмийн багш Ш.Бат-Эрдэнийн “Хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилт, чийрэгжилтийн түвшинг тогтоох шалгуурын арга зүй” сэдэвт илтгэл;

Дэд байрт: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хөдөлгөөн, нийтийн биеийн тамир хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэнгийн “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах аргачлалд харьцуулалт хийсэн дүн шинжилгээ” сэдэвт илтгэл;

Гутгаар байрт: Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Б.Солонгын “Орон нутагт сорилын зохион байгуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэл;

Тусгай байрт: ҮБТДСургуулийн эмчилгээ арга зүйн 4 дүгээр дамжааны оюутан Э.Балжиннямын “2016-2017 оны хичээлийн жилд ҮБТДСургуульд элссэн нэгдүгээр дамжааны оюутнуудын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинд хийсэн судалгаа” сэдэвт илтгэл; -үүд тус тус шалгарч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Боловсролын шинжлэх ухааны академийн БАТЛАМЖ, “Боловсрол судлал” сэтгүүлд бүтээл хэвлүүлэх эрх, спортын үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

Мөн ЗГХА-Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн Л.Нямын “Хүн амын  бие, сэтгэлийн хөгжлийн шинэчлэл”, Нийслэлийн ерөнхий боловсролын 87 бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багш С.Гэрэлмаагийн “Бие бялдрын өсөлт, хөгжилт ба шалгуур үзүүлэлт” зэрэг илтгэлүүдэд “Боловсрол судлал” сэтгүүлд бүтээл хэвлүүлэх эрх олголоо.

Тус хэлтсээс үндэсний хэмжээнд зохиогдож буй сорилын аяны дүнг гаргахдаа энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцсон биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллагуудын оролцоог харгалзан үзэх болно.

Төв, орон нутагт өрнөж буй биеийн тамир, чийрэгжүүлэлт, спортын нөр их ажилтай зэрэгцэн зохион байгуулагдсан тус эрдэм шинжилгээний хуралд мэргэжил нэгт нөхдөө хошуучлан оролцсон бүх мэргэжилтэн, арга зүйч, судлаач, оюутнууддаа ажлын болон сурлагын өндөр амжилт хүсье.  

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН 

БИЕИЙН ТАМИРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН

ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС