Улсын тооллого энэ онд

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх ажил хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ ажлын хүрээнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам чиглэл өгч Үндэсний статистикийн хороо, ЗГХА-Биеийн тамир, спортын газар хамтран биеийн тамир, спортын салбарын статистикийн улсын анхдугаар тооллогыг зохион байгуулахаар болов. Уг тооллого арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 20-нд өрнөх юм. Тооллогын хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүрэг,  спорт клуб, төр болон хувийн хэвшлийн барилга байгууламж, хүний нөөцийн тоон үзүүлэлтийг бодитоор гаргаж, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах юм байна. Ингэснээр биеийн тамир, спортын барилга байгууламжийн байршлын мэдээллийн цахим сан үүсгэх боломж бүрдэнэ. Энэ тооллогын үр дүнд салбарын суурь тоон үзүүлэлт нь цаашдын хөгжлийг хангах, бодлого тодорхойлоход ач холбогдолтой юм. Тооллоготой холбоотой үзэл баримтлал, удирдамж, анхан шатны бүртгэл, тооллогын маягтыг боловсруулан Үндэсний статистикийн хорооны арга зүйн зөвлөлөөр батлуулж байгаа аж. Биеийн тамир, спортын барилга байгууламж, гадаа болон мөсөн талбай, цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн, бүх шатны боловсролын байгууллагын спорт заал, танхимын газар зүйн байршлаар нь тэмдэглэн сансрын зурагтай холбох ажил хийгдэх юм. Тус тооллогын өмнө ажлын хэсгийнхэн 21 аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтэс, Биеийн тамир, спортын газрын төлөөлөлд цахим хурал зохион байгуулж, чиглэл өгчээ.