САМБО БӨХИЙН 2017 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН УАШТ ЭХЭЛЛЭЭ

 

САМБО БӨХИЙН 2017 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН УАШТ ЭХЭЛЛЭЭ

Самбо бөхийн 2017 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2017.04.13-14-ний өдрүүдэд Спортын төв ордны А зааланд зохион байгуулагдаж байна. Монголын самбо бөхийн холбоо энэ удаагийн тэмцээнийг Бөхийн спортын төрлийн Монгол улсын анхны дэлхийн аварга эмэгтэй тамирчин, Ази тивийн анхны хүрэл медальт, Монгол улсын гавъяат тамирчин Л.Бадамсүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2017.04.13-ны өдрийн 15.00 цагт болж хүндэт зочдоор МСБХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, МУГТ Л.Бадамсүрэнгийн аав ээж, гэр бүлийн гишүүд, мөн нэгэн цаг үед хамтдаа ялж ялагдаж  явсан  Монголын самбо, жудогийн  анхны эмэгтэй шигшээ багийн гишүүд хүндэтгэн оролцлоо.

Монгол улсын гавъяат тамирчин Л.Бадамсүрэнгийн нэрэмжит Самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 22 багийн 290 тамирчин оролцож байна. Орон нутгаас Орхон, Дархан, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн баг тамирчид хүрэлцэн иржээ.

Тэмцээний нээлтийн ёслолын үеэр Бөхийн спортын төрлийн Монгол улсын анхны дэлхийн аварга эмэгтэй тамирчин, Ази тивийн анхны хүрэл медальт, Монгол улсын гавъяат тамирчин Л.Бадамсүрэн, “Боржин” клубын дасгалжуулагч, Монголын самбо, жудо бөхийн анхны шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Алтантуяа нарын олимпизмын хөдөлгөөнийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж МҮОХ-ноос “Олимпийн алдар” одонгоор шагнасныг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, МУГД Ц.Дамдин хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Мөн энэ үеэр спортын мастерын болзол хангасан зарим тамирчдад цол тэмдэг гардуулсан. 2016 оны Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн “Боржин” клубын тамирчин Д.Болор-Эрдэнэ, 2016 оны ДАШТ-ээс -82 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны тамирчин С.Зээбүргэд, “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Гэрэлтуул нар Спортын мастерын энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардан авлаа.