МЭНДЧИЛГЭЭ

            Эрхэм хүндэт биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан, албан хаагч, үе үеийн удирдлага ахмадууд, тамирчин, дасгалжуулагч та бүхэнд Монголын тамирчдын өдрийн халуун мэндийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэе. 


            Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, ард түмнийхээ хамтын тэмүүлэл, цог хийморийг тээн, чимэг болдог манай биеийн тамир, спортын салбарынхан “Тамирчдын өдөр” нэртэйгээр тэмдэглэж эхэлснээс хойш найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөн мандуулж, ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж ирлээ. Төр засгаас биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаагаас чөлөөт бөхийн “Монголиан опен”, ширээний теннисний “Монголиан кап”, волейболын Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын холбоодыг төрөөс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 
            Цаашид Монгол Улсын биеийн тамир, спортын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, биеийн тамир, спортын сан байгуулан төсвийн ачааллыг бууруулах, биеийн тамир, спортын салбарын ажилтан, албан хаагчид, тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, тэмцээн уралдаан, наадмын тогтолцоог боловсронгуй болгон спортын төрийн бус байгууллагынч адавхийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн биеийн тамир, спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх аюулгүй орчин бүрдүүлэх зэрэг ажлыг нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, эрэлт хэрэгцээнд нийцүүлэхийн тулд Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна. Мөн Спортын төв ордны шинэчлэлийн ажлыг хийхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд олон улсын стандартад нийцсэн 50 метрийн усан бассейн, 3000 хүний суудалтай урлаг, спортын заал, 30 гаруй бэлтгэлийн заал, 300 машины дулаан зогсоол гээд орчин үеийн шаардлагад нийцсэн спортын ордонтой болох талаар хичээнгүйлэн ажиллаж байна.   Түүнчлэн аливаа улс өөрийн орны нэр хүндийг олон улсын тавцанд сурталчлан таниулдаг салбарт онцгойлон анхаардаг бөгөөд энэ хүрээнд тамирчдын бэлтгэл, сургалт, дасгалжуулалтыг хийх шинжлэх ухааны үндэстэй бэлтгэж, тэдний бэртэл гэмтлийг эмчлэх, ажиллах чадварыг тогтмол өндөр төвшинд зохион байгуулдаг. Манай орны хувьд олон жилийн туршлага дээр тулгуурлаж явж ирсэн нь өмнөх олимпийн наадмын амжилтуудаас харагдаж байна. Тиймээс олон улсын жишгийн дагуу спортын эрдэм шинжилгээ, спортын анагаах ухааны салбарыг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх ёстой юм. Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн тамирчид он гарснаас хойш хагас жилийн хугацаанд олон улсын тэмцээн уралдаанаас нийт 66 медаль хүртсэн амжилтаар “Тамирчдын өдөр”-өө угтаж байна. Тухайлбал, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, зургаан мөнгө, 10 хүрэл медаль авсан бол дэлхийн цомоос хоёр аварга, гранпри тэмцээнээсдөрвөн алт, таван мөнгө, долоон хүрэл медалийг эх орондоо авчирсан бөгөөд бусад олон улсын тэмцээн уралдаанаас 17 алт, 16 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн амжилттай байна.
           Мөн Үндэсний шигшээ баг байгуулагдаад тамирчдын тангараг өргөх ёслолыг анх удаа зохион байгууллаа. Түүнчлэн БТСГ-аас хүн амын бие бялдрын сорилын сарын аян, Үндэсний шигшээ багийн спорт холбоодтой “Пёнчан-2018”, “Токио-2020” олимпийн наадам, паралимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах тухай гэрээ байгуулав. Энэ мэтчилэн богино хугацаанд амжилттай хийж, хэрэгжүүлж, хийхээр төлөвлөсөн арвин их ажлаар баярын өдрөө угтаж байгаадаа баяртай байна. Энэ дашрамд “Тамирчдын өдөр”-т хүрэлцэн ирсэн болон гаднын тэмцээн уралдаанд яг одоо оролцож байгаа Монголын нийт тамирчин, дасгалжуулагчдадаа гурван жилийн дараа Японы нийслэл Токио хотод болох зуны олимп, паралимпийн наадамд амжилттай бэлтгэж, өмнөх олимп, паралимпод гаргаж байснаас илүү их амжилт үзүүлэн Монгол Улсынхаа төрийн дууллыг хэдэнтээ эгшиглүүлж, Монгол төрийн алтан соёмбот далбаагаа олонтаа өргөн мандуулахыг хүсэн ерөөе.


                Монгол Улсын нэрийг өндөрт өргөн явдаг шилдэг тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг үргэлж дэмжиж, тусалдаг аж ахуйн нэгж байгууллага, компани, хувь хүмүүс, ар гэрийг нь хариуцлагатай авч явдаг аав, ээж, ах дүүс, гэр бүлийн гишүүд Та бүхэнд үе үеийн тамирчин дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын нийт ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


БТСГ-ын дарга Ц.Шаравжамц