МОНГОЛЫН ХОККЕЙЧИД СИНГАПУРЫГ БУТ НИРГЭВ

Азийн Өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг 1-р дивизионы 2 дахь тоглолтоо хийлээ. Уг тоглолтонд манай баг Сингапурыг 8:0-ийн харьцаатайгаар буулган авч, тэмцээний эхний ялалтаа байгуулав. Тоглолтын эхний үе эн тэнцүү өрнөж, харилцан довтлолцож байх үед Сингапурын багийн легионер хамгаалагч Р.Ловелл дүрмийн бус алдаа гарган талбайг орхисноор манай багт ихээхэн давуу байдал үүссэн. Улмаар 1-р үеийн сүүлийн 2 минутанд Б.Болдбаяр, Ж.Баярсайхан нар гоол оруулснаар манай баг тоглолтыг тэргүүлж эхлэсэн юм. 2-р үед манай баг илт илүү тоглолтыг үзүүлж, И.Гэрэлт 2 гоол оруулж, П.Батзаяа, З.Батгэрэл нар тус бүр нэгийг нэмснээр 6:0-ээр давамгайлах болсон. 3-р үед ч Монголын шигшээ давуу байдлаа алдсангүй П.Батзаяа, Б.Болдбаяр нар гоолын жагсаалтанд нэрээ нэмж бүртгүүлснээр тоглолт 8:0-ийн харьцаатайгаар өндөрлөлөө. Уг тоглолтонд манай багийн хаалгач Б.Мөнхболд, Б.Баатархүү нар 2-уул талбай дээр гарч, хаалгандаа нэг ч гоол алдсангүй. Манай багийн гол хамгаалагчдын нэг З.Батгэрэл болон дэд ахлагч Ж.Баярсайхан нар тус бүр 1 гоол 2 оновчтой дамжуулалт хийж 3 оноог багтаа авчирчээ. Саппорогийн наадмын хоккейн төрөл үндсэн 3 дивизионд нийт 18 баг хуваагдан өрсөлдөж буй. Нийт 6 баг өрсөлдөж буй 1-р дивизионд манай баг нэг хожил, нэг хожигдолтойгоор 4-р байрт бичигдэж байна. Одоогоор өмнөх тоглолтдоо манай багийг буулгаж авсан Тайландын шигшээ 2 хожилтойгоор хэсгээ тэргүүлж байгаа. Өнөөдөр манай баг Улаанбаатарын цагаар 18:00-аас Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ багтай тоглолт хийнэ.