Монголын сагсан бөмбөгчид Зүүн Азийн АШТ-д оролцоно

Монголын эрэгтэй шигшээ багийг хүлээж буй том тэмцээн - Зүүн Азийн АШТ! #EastAsiaChampionship

Монголын сагсан бөмбөгийн холбоо анх 2000 онд FIBA буюу Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоонд гишүүнээр элсэж, Ази тивийн салбар холбоо тэр дундаа Зүүн Азийн бүсийн отгон гишүүдийн нэгээр ажилласаар ирсэн.

FIBA-ийн чансаанаас оноо зулгаахын тулд Монголын шигшээ баг Азийн АШТ-нд оролцох эрхийг авах ёстой байдаг. Харин Азийн АШТ-д оролцохын тулд Зүүн Азийн АШТ-д амжилттай оролцож, эхний 4 байрт шалгарах ёстой юм.

Түүхийг сөхвөл Зүүн Азийн АШТ-ний эхний 4 байранд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайван гэсэн хүчирхэг шигшээ багууд тогтмол орсоор иржээ. Монголын шигшээгийн хувьд 2011 онд Япон, Тайван хоёртой нэг хэсэгт орж, яах аргагүй дийлдэж, хэсгээсээ гарч чадаагүй. Харин 2013 онд Азийн Аваргын эрхээ авах алтан боломж бүрдэж, Зүүн Азийн бүсээс 5 багт эрх олгохоор болж байв.

Ингээд дээрхи 4 хүчтэй багаас гадна Гонконг, Макау, Монгол гурвын нэг 5 дахь эрхийн төлөө өрсөлдөхөөр болсон. Сугалаа маш сайхан таарч, манай шигшээ Гонконг, Хятад хоёртой нэг хэсэгт орж, хэсгийн тоглолтонд Гонконгийг хожиход л анх удаа тивийнхээ Аваргад оролцох боломжтой болов. Харамсалтай нь тус тоглолтонд манай шигшээ Гонконгийн багт 3-хан оноогоор хожигдож байсан гашуун түүхтэй.

2015 оны хувьд Зүүн Азийн АШТ зохиогдоогүй бөгөөд автоматаар FIBA-ийн чансааны дагуу топ 4 багт Азийн Аваргад оролцох урилгыг өгсөн юм. Харин одоо 2017 он боллоо. Монголын шигшээ багийг маш чухал тэмцээн энэ зун хүлээж байна. Одоогийн байдлаар 2017 оны Зүүн Азийн АШТ хаана ямар улсад хэзээ зохиогдох нь тодорхой болоогүй байна.

Хэрэв энэхүү тэмцээнд манай шигшээ баг амжилттай оролцож чадвал, эхний 4-т багтаж чадвал АНХ УДААГАА тивийн аваргад оролцож, анх удаа FIBA-аас чансааны оноо цуглуулах юм. Энэ оны 8-р сард Леван улсад Азийн АШТ болохоор болсон.

Сүүлийн 4 жил өрнөсөн сагсан бөмбөгийн зөрчил, маргааны үр дүнд хамгийн ихээр хохирсон зүйл бол шигшээ багийн хөтөлбөр юм. Азийн Наадмын шилдэг 8-д үлдсэн манай эрэгтэй, эмэгтэй багийн амжилт бол яах аргагүй дээд оргил нь байсан. Гэхдээ Азийн Наадам нь FIBA-ийн тэмцээн биш учраас бид оноо цуглуулж чадаагүй.

Мөн шигшээ багийг бүрдүүлэхийн тулд МСБХ өөрсдийн Дээд Лигийн зохион байгуулж, тэндээсээ шигшээ багийг бүрдүүлэх боломж үүсдэг. Энэ жил 18 дахь удаагийн Дээд Лигийг зохион байгуулж ирсэнээр ийнхүү ШИГШЭЭ БАГ хөтөлбөр хэрэгжих боломж дахин нээгдлээ. Иймд Монголын бүх шилдэг тамирчдыг албан ёсны холбооныхоо Дээд Лигийг дэмжиж, цаашлаад улс орныхоо нэрийг Олон Улсын тавцанд цуурайтуулахыг ирээдүйн зорилгоо болгож, биднийг дэмжин ажиллана гэдэгт найдаж байна!

Монголын Хөх Чононууд Азийг доргиох боломж айсуй!