МОНГОЛЫН БАГИЙН УНИВЕРСАЛ ТУГЧ

Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол улсын тугчаар биатлоны шигшээ багийн тамирчин Э.Бархүү ажилласан юм. Энэ жил 30 настай Э.Бархүү гүйлтийн цанын ОУХМ хэдий ч биатлоны спорт руу 2013 оноос эхлэн “урвасан” нэгэн. Гэхдээ 2002 онд өсвөрийн ангилалд анх удаа зохиогдсон тэмцээнд хүч сорьж, хүрэл медаль хүртэж байсан ч тууштай хичээллэх боломж гарахгүй байсаар өдий хүрсэн талаар тэрээр дурсаж байлаа. Э.Бархүү он гарснаас хойш амжилт арвинтай байгаа бөгөөд Польшийн Душики-Здруй хотноо явагдсан IBU-ийн Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд өрсөлдөн, 127 тамирчнаас 93-р байрт орж, ардаа 30 гаруй тамирчин оруулсан нь өндөр амжилт болсон юм. 2011 онд Казахстан улсад болсон Азийн 7-р өвлийн наадамд Э.Бархүү оролцож байсан. Тэрээр цанын зүг чиг олох төрөлд өрсөлдөж 4-р байрт шалгарч байсан нь сонирхолтой. Ташрамд дуулгахад Э.Бархүү энэ наадамд оролцож буй биатлончдоос ганцаараа шовх хараатай буутай гэдгээрээ онцлогтой гэнэ. Бусад тамирчид нь цагариган хараатай буугаар бууддаг ажээ.