Биеийн тамир, спортын газрын дарга пара таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өнөөдөр пара таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Баг тамирчдын зүгээс “Цаг ямагт бидэнд тусалж, дэмждэг БТСГ-ын удирдлагууд, Үндэсний шигшээ багийн албаныхандаа баярлаж явдгаа илэрхийлье. Бидний үзүүлсэн энэ амжилт бол Та бүхний дэмжлэгтэй салашгүй холбоотой. Энэ сайхан сэтгэлийг амжилтаар хариулахыг хичээх болно” гэв. Монголын пара таеквондочдын хувьд Английн Лондон хотод болсон ДАШТ-ээс 61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ алт, КА 61 кг-ын жинд Т.Шинэбаяр мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Х.Энхтуяа аваргаласан байна. Х.Энхтуяа Монголын пара спортын түүхэнд анхны эмэгтэй дэлхийн аварга тамирчин болж байгаа нь энэ. Мөн тус тэмцээний шилдэг тамирчин цомоор шагнуулсан байна. Уулзалтын төгсгөлд Ц.Шаравжамц дарга "ДАШТ-д амжилттай оролцсон та бүхнээрээ бахархаж байна. "Токио-2020" паралимпийн наадамд энэ эрчээрээ байж, Монгол түмнээ баярлуулаарай" хэмээн захисан юм. Мөн гялалзсан амжилт үзүүлсэн тус холбоонд хандан шигшээ багт нэг тамирчин нэмж оруулах боломж байгааг дуулгалаа.