"Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь" Төвийн бүсийн сургалт Дархан-Уул аймагт боллоо

ЗГХА, Биеийн тамир, спортын газраас санаачилж буй "Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь" сэдэвт "Төвийн бүс"-ийн сургалт Дархан-Уул аймагт боллоо. Энэ сургалтын хүрээнд Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон энэ онд аймгуудын Биеийн тамир спортын газруудын ажлын тайлан, нэгдсэн төлөвлөгөөтэй танилцав. Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Төв гэсэн таван аймгийн мэргэжилтэн, багш, дасгалжуулагч гээд 100 орчим хүн хамрагдлаа. Тус сургалтын үеэр спортын өнөөгийн чиг хандлага, ирэх онд болох улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарь, 2017 онд хийсэн ажлын талаар харилцан санал солилцсон нь үр дүнтэй болов. БТСГ-ыг төлөөлөн Төрийн захиргаа, удирдлага санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл, С.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс удирдан явууллаа. Сургалтын нээлтийн ёслолд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар оролцож, үг хэлсэн юм. ЗГХА, Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь" бүсийн сургалт таван газарт амжилттай зохион байгуулж, Дархан-Уул аймагт шувтарч байна. Тухайлбал, "Баруун бүс"-ийн сургалт Завхан аймагт, "Хангайн бүс"-ийнх Орхон аймагт, "Зүүн бүс"-ийнх Дорнод аймагт, "Нийслэлийн бүс"-ийнх БСШУСЯ-д "Төвийн бүс"-ийнх Дархан-Уул аймагт амжилттай болж, нийт 600 орчим салбарын хүмүүс чуулж, мэдлэгээ дээшлүүлэн туршлага солилцлоо