АНХНЫ АВАРГУУД ТОДОРЛОО

Азийн Өвлийн Наадмын анхны аваргууд тодорч, нээлтийн ажиллагааны үеэр медалиа гардан авлаа. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн сноубордын жиант слаломын төрлийн медальтнуудад Азийн Олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Ал Сабах Ал Фахад болон Зохион байгуулах хорооны дарга, хотын захирагч К.Акимото нар шагналыг нь гардуулсан юм. Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүлсэн Японы тамирчин Эри Янетани энэ наадмын анхны алтан медальтан болсон юм. Тэрээр 1 минут 43,47 секундын амжилтаараа Хятадын хослол болох Ж.Рушин болон Г.Найянг нарын урд оржээ. 2014 оны Сочигийн олимпийн наадамд гэмтлийн улмаас оролцож чадаагүй Янетани өнгөрсөн 4-р сард өвдөгний хагалгаанд орж, сүүлийн үед тийм ч сайн формгүй байсан ч нутагтаа анхны алтыг нь авчирч чадлаа. Харин эрэгтэйчүүдийн төрөлд БНСУ-ын хослолын урд гишгэх тамирчин гарсангүй. БНСУ-ын тамирчин Ли Сан Хо алтан медаль хүртэж, түүнээс 88 долиор хоцорсон Чой Бо Гун мөнгөн медалийн эзэн болжээ. Харин хүрэл медалийг Японы тамирчин Шинносуке Камино хүртжээ.