АНАБОЛИК БОДИСУУД БҮХ ЦАГ ҮЕД ХОРИОТОЙ

МУ-ын гавьяат эмч Ч.Насанбат Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангиллын шинэчлэн батлагдсан жагсаалтыг Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт танилцууллаа. Сургалтын хэсгээс  хүргэж байна.

АНАБОЛИК БОДИС 
ХОРИГЛОГДСОН АНАБОЛИК БОДИСУУД: 
1. АНАБОЛИК АНДРОГЕНИК СТЕРИОДУУД

Эдгээр бодисууд нь бүх цаг үед хориглогдоно. Энэ нь тэмцээний үед болон тэмцээний бусад ямар ч тохиолдолд хориотой гэсэн үг.

Анаболик төрлийн стериодууд нь хоёр төрөл байдаг. 
Үүнд: 
1. Хүний биед үүсдэг 
2. Гаднаас авдаг

WADA-н 2017 оны допингийн хориглосон эм зүйн ангилалын жагсаалтанд ямар нэгэн өвчний үед эсвэл ямар нэгэн байдлаар хэрэглэхийг хоригложээ. Өмнө нь тодорхой хэмжээтэй хэрэглэхийг зөвшөөрдөг байсан бол шинэчилсэн дүрмээр энэ бүлгийн бодисыг эмчилгээний зориулалтаар ч хэрэглэхийг хориглоно. 

Хүний биед үүсдэг стериод анаболик гэж байдаг. Биед үүсдэгт нь тодорхой тун зааж өгдөг. Харин гаднаас үүсдэг энэ төрлийн бодист огт тун заахгүй. Допингийн зөрчилд тооцогдоно.

WADA 2017 онд Анаболик төрлийн стериодуудад шинээр нэг бодис нэмсэн. Энэ нь зурган дээр улаанаар тэмдэглэсэн буюу 5а-андрост-2-ен юм.

Энэ нь бидний хэрэглэж буй уураг амин дэмэнд сүүлийн үед агуулагдах болжээ. Хэрвээ таны хэрэглэж буй уураг, амин дэм, хүнсний нэмэлт тэжээл 5а-андрост-2-ен гэсэн агууламжтай байвал допингод тооцогдохыг анхааруулж байна.

Энэ эмийн бодис өмнө нь допингийн төрөлд тооцогддоггүй байжээ.

Энэ төрлийн бодис нь эрэгтэйчүүдийн бэлгийн бойжилт, ерөнхий ажиллах чадварыг тодорхойлдог гол бодисыг идэвхижүүлж, өдөөж өгдөг болохыг сүүлийн хоёр жилийн хугацаанд лабораторийн судалгаагаар тогтоосон юм байна. Тиймээс тухайн тамирчны ажиллах чадварт нөлөөлөх тул допингийн хориотой эм зүйн жагсаалтанд оруулжээ.

Энэ төрлийн бодис сүүлийн жилүүдэд уураг болоод хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс илэрч байгааг анхаарах хэрэгтэй. Тиймээс тамирчид ялангуяа дэлхийн тавцанд улс эх орноо төлөөлдөг үндэсний шигшээ багийн тамирчид дураараа уураг, амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Хэрэглэх тохиолдолд хариуцсан эмч мэргэжилтнүүдтэйгээ зайлшгүй зөвлөх ёстойг анхааруулж байна.